Харуудын загварын тухай бичсэн Elle сэтгүүл бурууджээ
2012 оны 1 сарын 31
Францын Elle сэтгүүлд хар арьстнуудын загварын ертөнцийн чиг хандлагуудын талаар нийтлэл гарснаас хойш ихээхэн шуугиан дэгдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүл тус улс дахь хар арьстнуудын загварын хэв маягийг тодорхойлж байгаа хэмээн сэтгүүлийн сайт дээр бичсэнээс болж Elle сэтгүүл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргалаа хэмээн буруутгагдсан юм. Ерөнхийлөгчийн гэр бүлийн хувцаслалт сүүлийн үед цагаан арьст хөрөнгөтнүүдийн чамин дэгжин хэв маягт дөхөх болсныг нийтлэлийг бичигч онцолжээ. Сэтгүүлч Натали Доливо үүний жишээ болгож Америкийн хар арьст дуучин бүсгүй Рианнагийн хувцаслалтыг иш татжээ. Хар арьстнууд зузаан алтан гинж, өндөр өсгийтэй гутал зэргээс татгалзан даруухан хувцаслах болсныг тэрээр онцолсон байна.
Энэ нийтлэл Elle-гийн сайт дээр тавигдсанаар ихээхэн шуугиан дэгдсэн аж. Сэтгүүлийн ерөнхий редактор Валери Тораниан эхэндээ сэтгүүлчээ дайралтаас хамгаалахыг оролдсон ч уурлаж бухимдсан хүмүүсийн сэтгэгдэл нэг мянгаас давсан учир арга буюу буун өгч уучлал хүссэн залруулга мэдээ гаргажээ. Сэтгүүлч бүсгүй хэн нэгнийг гомдоохыг хүсээгүй гэдгээ хэлсэн бөгөөд өнөөдөр Америкийн хар арьстнууд өөртөө илүү итгэлтэй болж, янз бүрийн хэв маягаар хувцаслах болсныг онцлохыг оролдсон гэв. Францын хар арьстнуудын холбоо сэтгүүлийг шүүхэд өгөхөөр болсноо зарлав.
No comments:
Post a Comment